Зүүн Хүрээ Коллеж.

Дэлгэрэнгүй

Сургалт

Image

Сургалт

Сургалтын үйл ажиллагааны чиглэлүүд

1.    Бакалаврын хөтөлбөр: Философи /Буддын гүн ухаан/, Хэл шинжлэл /Дорно дахины харьцуулсан хэл шинжлэл-Эх бичиг судлал/

2.   Сертификатын сургалт

3.   Сүсэгтэн олонд уламжлалт шашин соёлын мэдлэг олгох "Зөв амьдрах ухаан" танин мэдэхүйн сургалтууд хэрэгжиж байна.


Нэг. Бакалаврын хөтөлбөр

Философи - "Буддын гүн ухаан судлал"-ын бакалаврын хөтөлбөр

- Гүн ухааны салбарт суралцаж төгсөх оюутанд өрнө болон дорнын философи тэр дундаа буддын гүн ухаанаар мэргэшсэн, орчин цагийн судалгааны аргазүйг эзэмшсэн судлаач бэлдэх зорилготой.

- Мөн цаашид Буддын философийн судалгаан дээр голлон ажиллахыг хүсч буй төгсөгчид төвдийн бичгийн хэл, төвд ярианы хэл, санскрит хэл болон төвд, монгол сурвалж судлал, эртний монголчуудын шашин шүтлэг, домгийн сэтгэлгээ, археологийн, эртний монгол бичиг, дөрвөлжин, соёмбо, бичгийн хичээлүүдийг гүнзгийрүүлэн үзэх боломжтой.

- Ялангуяа буддын их бага арван ухааны чиглэлээр монголчуудын туурвиж үлдээсэн оюуны их өвийг судалж, судалгааны эргэлтэнд оруулахад шаардлагатай монгол судлалын эрдэмтэн бэлтгэхэд чиглэгддэг. "Буддын гүн ухаан судлал"-ын чиглэлээр нийт 6 удаагийн төгсөлт төгсгөөд байна.

Хэл шинжлэл - "Дорно дахины харьцуулсан хэл шинжлэл, Эх бичиг судлал"-ын бакалаврын хөтөлбөр

2002 онд хуучны Зүүн хүрээний "Есөн зүйлийн сургууль"-ийн уламжлалыг  сэргээх зорилгоор эх бичиг судлалын анги нээсэн билээ.  Тус хөтөлбөр нь монголчууд бидний түүхэн хугацаанд хэрэглэж ирсэн үсэг бичгүүдийг гүнзгийрүүлэн эзэмших, тэдгээрээр бичсэн соёлын өвүүдийг судалдаг монгол  судлалын эрдэмтэн бэлтгэх зорилготой.

- Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн шинжлэх ухааны хэл шинжлэл,  эх бичиг судлалын хичээлүүдийг үзэж судлахаас гадна Энэтхэг, Төвд, Монгол зэрэг номт орнуудын хэл соёл, үсэг бичгүүдийг гүнзгийрүүлэн судалдаг. Тухайлбал:

- Энэтхэгийн санскрит, хинди хэл, ланз, вардү, дэванагар үсэг бичгүүд

- Төвд хэл, нэр орчуулга, төвдийн хичээнгүй (сав) , таталган (шар)  зэрэг 11 төрлийн үсэг бичгүүд

- Монгол хэлний сонгодог номын хэл, монгол бичиг, али-гали бичиг, соёмбо бичиг, хэвтээ босоо дөрвөлжин бичиг, тод бичиг гэх мэт монголчуудын бичиг үсгийн соёлыг өвлүүлэхэд чиглэж байна. "Эх бичиг судлал" -ын чиглэлээр  хоёр удаагийн төгсөлт төгсгөөд байна.

Хоёр. Сертификатын сургалт

          Тус коллеж нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сертификатын сургалт явуулахаар тогтлоо. Тус сертификатын сургалт нь суурь боловсрол эзэмшсэн лам болох сонирхолтой  сурагчид болон бакалаврын хөтөлбөрт сурах боломжгүй боловч  шашны болон шинжлэх ухааны боловсрол эзэмших хүсэлтэй лам хуварга, судлаач нарт зохих түвшиний боловсрол эзэмшихэд нь бололцоо олгосон сургалт байх болно. Энэхүү сургалтанд хамрагдсанаар бакалаврын түвшинд олгодог Буддын гүн ухаан судлал, Эх бичиг судлал-ын хөтөлбөрүүдийг бүрэн эзэмших бололцоотой.  

Гурав. Зөв амьдрах ухаан танин мэдэхүйн сургалт

Сургалтын зорилго:

- Нийгэмд хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор ард иргэд, сүсэгтэн олонд уламжлалт шашин соёлын талаар тодорхой мэдлэг эзэмшүүлэх

- Буддын онол сургаалыг шинжлэх ухааны мэдлэгтэй холбон тайлбарлаж зөв амьдрах утга учрыг таниулах

Сургалтын онцлог:

- Зөв амьдрах ухаан сургалтаа ёс суртахуун, бясалгал, танин мэдэхүй хэмээх Бурханы шашны 3 суртгаалын дагуу явуулж доорх хичээл сургалтанд хамруулдаг. Үүнд:

- Анхан, дунд, дээд гэсэн шатлалтайгаар нэг түвшинд 40 цагийн хичээл, нийт 3 түвшиний 120 цагийн хичээл судалдаг.

- Хичээлийн сэдэвтэй уялдуулан музей, түүхэн дурсгалт газруудыг үзүүлэх, ариун дагшин  газруудаар эргэл мөргөл хийлгэдэг.

- Суралцагчидтай хамтран буяны үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Сургалт үнэ төлбөргүй бөгөөд төгсөгчидөд Батламж гардуулдаг.