Зүүн Хүрээ Коллеж.

Дэлгэрэнгүй

Зүүн Хүрээ Коллежийн танилцуулга

Image

Зүүн Хүрээ Коллежийн танилцуулга

Аливаа нэгэн сүм хийд нь сүсэгтэн олны туст хурал номын зан үйл явуулахын зэрэгцээ лам хуврагуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор хичээл сургалт явуулдаг байжээ. Энэхүү эртний уламжлалын дагуу анх 1998 онд  Дашчойлин хийдийн тэргүүн хамба Др. Ч.Дамбажав, дэд хансүр Ч.Цэдэндамба, Зүүн Хүрээ коллежийн захиарал Ц.Мөнх-Эрдэнэ болон бусад лам хуврагуудын санаачилгаар  “ЗҮҮН ХҮРЭЭ” коллежийг байгуулсан.

Зүүн Хүрээ Коллежийн  эрхэм зорилго нь “Уламжлалт соёл болон шинжлэх ухааны дэвшилтэт ололт амжилтанд тулгуурласан онолын өндөр мэдлэгтэй, ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэгч чавдарлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино”. Тус коллежийн зорилт нь Буддын гүн ухаан, Эх бичиг судлалын чиглэлээр дээд боловсрол олгох сургалтыг үндэсний чанарын шаардлагын түвшинд зохион байгуулах, судалгааны ажлыг нийгмийн эрэлт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, нийгэмд үйлчлэхэд оршино.

Сургуулийн онцлог давуу талууд:

Уламжлалт "Есөн зүйлийн сургууль"-ийн өвийг хадгалсан "хэл шинжлэл" судлалын чиглэлээр сургалт явуулж, монголчуудын хэл соёл, үсэг бичгийн өвийг дэлгэрүүлэхэд анхааран ажиллах.

Ашгийн бус тул оюутанг  үнэ төлбөргүй сургаж, зардлыг Зүүн Хүрээ Дашчойлин хийд бүрэн хариуцдаг.

Зүүн Хүрээ Дашчойлин хийд болон бусад хамтран ажилладаг шашны хийгээд иргэний байгууллагуудаас уламжлалт шашин соёлын зан үйлүүд, мөн боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр зохион байгуулдаг үйл ажиллагаанд биеэр оролцож дадлага хийх бүрэн бололцоотой.

5 улирал дараалан онц суралцсан оюутанд захиралын нэрэмжит тэтгэлэг олгох.

Тус сургууль нь сургалтын тав тухтай орчин бүрдсэн өөрийн хичээлийн байртай.

Дорно дахины  их бага арван ухаан, монголын түүх, ёс заншил, эх бичиг судлал,  хэл шинжлэл, нийгэм хүмүүнлэгийн ухааны  болон бусад салбар чиглэлийн 9000 гаруй номын фонд бүхий номын сантай.

Зүүн Хүрээ Коллежийн сургалтын үйл ажиллагаа нь монголчуудын уламжлалт өв соёл, хэл бичиг, зан заншил, монгол судлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг бөгөөд энэ талаар дотоод гадаадын сургуулиудтай хамтран судалгаа шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх, багш оюутан судлаач солилцох зэрэг хамтын ажиллагаанууд өргөжин тэлсээр байна. 

Зүүн Хүрээ коллежийн гадаад харилцаа:

Манай коллеж нь Энэтхэг улсын Гоман дацан сургууль,

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуулийн Буддын судлалын тэнхим,

Унгар улсын "Dharma Gate" бурханы шашны их сургууль, Унгар улсын Өтвөш Лорандын (ELTE) Их сургуулийн Монгол, Өмнөд Ази судлалын тэнхим зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Номын сан:

Дашчойлин хийдийг дахин сэргээн байгуулах үеэс тус хийдийн үйл ажиллагаанд нэн чухал шаардлага хэрэгцээтэй ном судруудыг олж цуглуулан, гаднаас худалдаж авах болсон юм. Тус хийдийн номын сан нь төвд, монгол, англи, нанхиад, хинди хэл дээрх, төвдийн сав, шар, монголын шинэ, хуучин бичиг, нанхиад дүрс, хинди, латин үсгээр бичигдсэн эртний энэтхэг, төвд, монголын эрдэмтэн мэргэдийн зохион туурвисан их, бага арван ухааны олон зуун ном судрын цуглуулгатай, дорно дахины Буддын утга зохиолын, Бурханы шашны ном судрын арвин өвтэй номын сантай болжээ.


Ирээдүйн зорилго:

Хүрээ Майдарын дуган 2020 онд ашиглалтанд орсоноор Зүүн хүрээ коллежийн хичээлийн байр, Буддын шашин соёл судлалын хүрээлэнгийн байрыг өргөжүүлэхээр төлөвлөсөн билээ.  Үүнд:

Анги танхимуудын хүрэлцээ сайжирч, суралцах таатай орчиноо дээшлүүлэх

Олон улсын старндартад нийцсэн шинэ номын сан, эрдэм шинжилгээний хурлын танхимтай болох

Гадаад харилцаагаа өргөжүүлэн, гадаад оюутан суралцуулах

Нийгмийн ажилтан зэрэг шинэ мэргэжилийн хөтөлбөр нээн хичээллүүлэх

Оюутны байртай болох  зэргүүд багтаж байна.